Friday, September 14, 2012

"Номын өргөө" О.Цацрал

Оросоо.Цацрал нь 1942 онд Улаанбаатар хотод төрсөн. 1951-1961 онд Улаанбаатар хотын 2-р дунд сургууль, 1961-1966 онд Москва хотын Соёлын дээд сургуулийн Номын сангийн ангийг төгссөн. Номын сан, судлал-Номзүйч мэргэжилтэй. 1966-1980 онуудад Улсын нийтийн номын сангийн хэлтсийн дарга, 1980-1986, 1994-1997 онуудад Улаанбаатар Хотын Төв Номын Сангийн эрхлэгч, ахлах номын санч, 1986-1987 онд Соёл Гэгээрлийн дунд сургуульд мэргэжлийн багш, 1987-1990 онд Техникийн Их Сургуулийн номын сангийн эрхлэгч, 1990-1994 онд МАХН-ын ЗХУ дахь Намын хорооны орон тооны ажилтан, 1997 оноос одоог хүртэл Урлах Эрдмийн дээд сургуулийн номын сангийн эрхлэгчээр тус тус ажиллаж байна. 
     Улсын нийтийн номын санд номзүйч болон арга зүйн хэлтсийн даргаар тасралтгүй 14 жил ажилласан бөгөөд энэ хугацаанд оюутан, сурагчид, уншигч, хэрэглэгчдэд үйлчлэхээс гадна Орос улсын номын сангийн туршлагыг нэвтрүүлж, тухайн үеийн хамгийн их эрэлт хэрэгцээтэй "В.И.Лениний зохиолын номзүйн бүртгэл", "Монгол судлалын гадаад хэл дээрх номзүйн бүртгэл" зэргийг гаргаж нийтдээ гадаад хэл дээр 40 х. х. бүхий дөрвөн ном, 20 шахам өгүүлэл, орчуулгын материалыг төвийн сонин хэвлэлүүдэд нийтлүүлсэн байна. 
     О.Цацрал нь 1966-1970-аад онуудад номын сангийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай үед хот, хөдөөгийн номын санчдад мэргэжлил мэдлэг олгох курсын хичээлийг заадаг сурган хүмүүжүүлэгч багш нь байлаа. 1980 оноос номын сангийн эрхлэгчээр томилогдон Улаанбаатар хотын төв номын санг ашиглалтанд оруулах, Орос улсын тусламжаар баригдсан барилгыг хүлээн авах нам төрийн ёслолд албан ёсоор оролцсон байна.
          О.Цацрал нь Хотын төв номын сангийн анхны захирлаар ажиллах хугацандаа номын фондын бүрдүүлэлт, тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулах, мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлэх, хамт олныг бүрдүүлэх ажлыг гарамгай сайн удирдан зохион байгуулж нийслэлийн хүн ам, оюутан сурагчдын оюуны мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан чадварлаг удирдан зохион байгуулагч юм.
          О.Цацрал нь Урлах Эрдэм дээд сургуулийн номын сангийн эрхлэгчээр 1997 оноос одоог хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд номын сангийн фондыг сургуулийнхаа үндсэн мэргэжил болон хувцас дизайны чиглэлийн мэргэжлийн ном хэвлэлээр баяжуулах ажлыг зохион байгуулж, оюутан сурагчдын хэрэгцээ шаардалгыг ханган ажиллаж байна. Ном хэвлэлийг данс бүртгэлд бүртгэх, тооллого тооцоог цаг тухайд нь явуулж, номын хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлыг хийж, номын сангийнхаа номыг шинэ “ДАА” ангиллаар ангилан каталоги зохион байгуулсан бөгөөд улсын аттестатчилалд сайн дүнтэй дүгнэгдсэн болно.
          Номын сангийн системд 40 гаруй жил ажиллахдаа Орос, Унгар, Америкийн номын сангийн туршлагаас нэвтрүүлэх, номын сангуудын ажлыг чадварлаг удирдан зохион байгуулж ирсэн төдийгүй Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн хүчин зүтгэл, идэвхи санаачлага, арга туршлагатай ажиллаж байгаа удирдах зүтгэлтэн мөн.

Шагнал: 1980 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Ардын хувьсгалын 60 жилийн ойн медаль”, “Сүхбаатар дүүргийн диплом” болон 1985 онд Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнагдсан юм.
Уран бүтээл: "Номын өргөө" дууны үгийг бичиж аяыг хөгжмийн зохиолч Сэргэлэнгээр бичүүлсэн байна. Дуучин Бямбадэлгэр дуулжээ. 





Өнгө өнгийн  номоор бялхсан
Өргөн саруул танхимууд цэлийсэн
Эрдмийн уурхай номын өргөө
Эгэл бидний ажлын өргөө

Дх: Номтой байнга нөхөрлөсөн
Номын өргөөний эздээ бид

Цагийн цагт уншигчидтайгаа
Цай ч уух завгүй ажилтай
Ном судар дүүрэн тэврээстэй
Олны төлөө зүтгэгчидээ бид

Дх: Номтой байнга нөхөрлөсөн
Номын өргөөний эздээ бид

Эрдмийн дээд номын шимийг
                   
хүртээх
Эелдэг даруу ааштай охидын
Эрдмийн уурхай номын өргөө
Эгэл бидний ажлын өргөө

No comments:

Post a Comment